өдөр
шөнө
×

Оффшорчид хөдөлсөнгүй, одоо АТГ-ын хөдлөх ээлж

Оффшор бүсэд данс эзэмшиж байгаа хүмүүс дансаа хаах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, дуусгавар болгохтой холбогдуулан он гараад хоёр тогтоол хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл тэдэнд зориулагдаж хоёр тоолуур гүйж эхэлсэн.

Эхний тоолуурын хугацаагаар бол ЗГ-ын 244 дүгээр тогтоолын дагуу Ангиль, Бахамын арлууд, Бахрейны Хаант улс, Белиз Улс, Бермудын арал, Британийн Виржинийн арлууд, Жерси, Кайманы арлууд, Куукийн арлууд, Лихтенштейний Вант Улс, Маршаллын арлууд, Мэний арал зэрэг 34 улс орны оффшор бүсийн дансаа 2018 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн дотор хааж, дуусгавар болгон, хоёрдугаар сарын 4-ний дотор АТГ-т мэдүүлэх ёстой байв. Энэ хугацаа өчигдөр дуусгавар болсон.

Гэвч тус болзолт өдөр ямар ч "Оффшортон" өөрийгөө илчлээгүй хэвээр байна. Нэгдүгээр сарын 25-ны өдөр АТГ-аас зохион байгуулдаг сар бүрийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр АТГ-ын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү  "Оффшор бүсэд данс эзэмшиж байгаа иргэдтэй холбоотойгоор он гараад хоёр тогтоол хэрэгжиж эхэлсэн. Эхний үүний дагуу хоёр тоолуур гүйж эхэлсэн. Эхний тоолуур эхний тогтоолоор батлагдсан 34 бүс нутгийн жагсаалттай холбогдуулж 2018 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд оффшор бүсэд данстай иргэдийн мэдээллийг хүлээн авч байгаа. Одоогоор шинэ мэдээлэл ирээгүй байгаа. Оффшор бүсэд данс эзэмшиж байгаа нийт 49 иргэнтэй холбоотой асуудлыг шалгаж байна" хэмээн мэдэгдсэн юм. 

Харин хоёр дахь тоолуур гүйгээд эхэлчихсэн. Засгийн газрын 326 дугаар тогтоолоор баталсан оффшор бүсэд буюу Арабын нэгдсэн Эмират, Ботсвана, Бруней, Бүгд найрамдах Мальта, Ирланд, Крукао, Лексембург, Макао, Малайз, Монако, Монтсеррат, Самаогийн Тусгаар улс, Сингапур, Хонгконг, Швейцар зэрэг 15 улс орны оффшор бүсийн дансаа 2018 оны гуравдугаар сарын 6-ны өдөр хааж дуусгавар болгох, дөрөвдүгээр сарын 6-ны өдөр АТГ-т мэдүүлэх үүрэгтэй. 

Ямартай ч Улсын ерөнхий прокурорын тогтоолоор байгуулагдсан Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хавтас нээн оффшор данстануудын асуудлыг шалгаж буй. Дээрх тооны оффшорчид хуулийн хугацаандаа дансан дахь мөнгөө Монголдоо оруулж ирж, энэ талаараа АТГ-т мэдэгдэж, үнэнээ хүлээвээс “өршөөгдөх” байсан.

Олгосон хугацаанд багтаж чадаагүй бол Эрүүгийн хуулийн 22.10.2-т “Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх заалтын дагуу шийтгэгдэх юм.

Эхний тоолуурын хугацаанд хамаарал бүхий оффшортнууд сайн дураараа нэрээ зарласан хүн байхгүй болохоор тэдний хувь заяа АТГ-ын гарт үлдэж байна. Сэжиглэгдэн шалгагдаж байгаа этгээдүүдийг хэрхэн илрүүлж, ямар хариуцлага хүлээлгэхийг чих тавин хүлээх л үлдлээ. Мөн хоёр дахь тоолуурын хугацаанд хамаарал бүхий оффшортнууд нэрээ зарлах уу, үгүй юу гэдэг асуултын хариулт мөн хүлээлт дагуулж байна. 

А.Уран

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top