×

Н.Цацрал: “Цэц” үндэсний өдөр тутмын хувцасны брэнд юм

Н.Цацрал: “Цэц” үндэсний өдөр тутмын хувцасны брэнд юм

“New generation”-ы  шинэ зочинтой эрхэм уншигч таныг уулзуулж байна. Нийгэмд хийж бүтээхийг эрмэлзэж, шинэ  алхмуудыг хийж буй  залуу хүмүүсийг энэхүү булан маань танд танилцуулдаг билээ.

Тиймээс ч дизайнер Н.Цацралыг онцлон урилаа. Гадаад оронд очоод эх орноо өөртөө улам илүү томоор нээж, таньж мэдсэн өвөрмөц түүхтэй тэрээр монгол үндэсний хувцсыг хэзээ ч, хаана ч өмсөх зориулалттайгаар, илүү чөлөөт байдлаар бүтээхийг зорьдог юм билээ.

-“New generation” булангийн шинэ зочин танд энэ өдрийн мэндийг хүргэе. Эхлээд манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

- За баярлалаа. Би 2009 онд Урлах Эрдмийн Дээд Сургуулийг “Хувцасны дизайнер" мэргэжлээр төгссөн. Дараа нь Удирдлагын академид “Бизнесийн удирдлага”-аар суралцан, мэргэжлээрээ ажиллаж байгаад, Австралийн “Australian Pacific Collage”-д маркетингийн чиглэлээр суралцаад ирсэн.

-Загвар зохион бүтээгч  мэргэжлийн чухам юу нь таныг тэгтлээ татсаныг асуумаар санагдаж байна?

- Багаасаа л дуртай байсан. Арван жилийн “Өсвөрийн зохион бүтээгчдийн төв сургууль”-ийн хувцас дизайны ангид орох гэж байгаад математикийн ангид орчихсон. Дээд сургуулийн элсэлтийн шалгалт өгөх үеэрээ айгаад ухрахаа шахаж байсан удаатай.

-“Цэц” брэндийг үүсгэн байгуулсан түүхээсээ хуваалцаач?

- Сургуулиа төгсөөд өнгөрсөн намар Австралиас ирсэн. “Суусан цэцнээс явсан тэнэг” гэдэг шиг сурах гэхээс илүү өөр орчинд оръё гэсэн бодолтой байсан.  \инээв.сурв\ Тэнд байхдаа Монголдоо ирээд юу хийх вэ гэдгээ их бодсон. Тэгээд л ирээд дуртай ажлаа эхлүүлсэн дээ.

-Танай брэндийн онцлог, давуу талууд юу вэ?

- Хүмүүс монгол үндэсний дээл хувцсаа жилд нэг, хоёр удаа өмсөхөөс хэтэрдэггүй. Ихэвчлэн цагаан сар, наадмаар өмсөөд л далд хийчихдэг. Гэхдээ цаг үе өөрчлөгдөж байна. Үндэсний хувцсыг өдөр тутам өмсөх боломжтой, магадгүй оффис дээрээ ч өмсөх боломжтой биед эвтэйхэн загвараар хийхийг хүсдэг. Миний дотоод ертөнц өөрөө минималист, гоёлын гэхээсээ илүү өдөр тутмын чөлөөт загварын хувцсанд дуртай учраас энэ сонирхлоо дагасан байх. Торго гэхээс илүү энгийн даавуун материалыг торготой хослуулан тоглох дуртай.

-Таны ажлын онцлог, эерэг ба бэрхшээлтэй тал нь юу вэ?

-Хувцсаа хийж, урлаж дуусчихаад харах хамгийн гоё. Өөрийнхөө хийсэн хувцсанд өөрөө дурлаад л. \инээв\ За тэгээд, миний хийсэн бүтээлийг хүмүүс өмсчихсөн явж байхыг харах хамгийн гоё. Эерэг сайхан мэдрэмж төрдөг.

Бэрхшээлтэй тал нь хаана ч гэсэн яригддаг ажиллах хүч дутагдалтай. Мөн оёдлын ажил авьяас мэдрэмж шаарддаг учир их хэцүү. Дархан хүн бурхан ухаантай гэдэг шиг оёдолчин хүн өнөөдөр болохгүй байна гэчихээд маргааш нь болгочихсон л сууж байдаг байхгүй юу.\инээв\

Анх сургуулиа төгссөний дараа хувцсаа дэлгүүрт тавьж байсан. Нэг хүн ямар хөөрхөн юм бэ гэж гүйж ирснээ, Made in Mongolia гэсэн бичгийг хараад “өө Монгол юм уу” гээд шидэж байсан тэр хандлага! Одоо бол харьцангуй өөр болсон л доо.

-Аливаа ажил гүйцэтгэлд арга барил гэж юм их чухал байдаг шүү дээ. Таны ажлаа хийх гол арга барил чинь юу вэ?

-Би үндэсний хувцас, түүх судлах, харах дуртай. Өв соёл маань авдартай алт шиг  л санагддаг. Жишээлбэл 13-р зуунд тэр хүчирхэг хүмүүс юу өмсөж, материалаа яадаг байсан бол. Манай монголчууд тэр хүчирхэг хэвээрээ өнөөг хүрсэн бол одоо юу өмсөж, яаж ярьж байх байсан бол гээд боддог. Зөвхөн нэг элемент төдий бус Монголчуудын өнгө хээний билгэдэл гэх мэт үзэл санааг  тусгахыг хичээдэг.

-Та яг өнөөдрийн тухайд ямар загвар дээр төвлөрч ажиллаж байна вэ?

-Удахгүй сар шинийн баяр болох гэж байгаа учраас, баярт зориулсан ажилдаа төвлөрч байна. Энэ удаад эмэгтэй цамцнууд шинээр гаргалаа. Зөвхөн цагаан сараар бус ажилдаа, энгийн үедээ хэрэглэж болохуйц орчин үеийн хэв маягтай хослуулан хийсэн загвар юм.

-Өдрийн хэдэн цагийг ажиллаж өнгөрүүлдэг вэ?

-Ихэвчлэн өглөөний 8 цагаас орой 8 цаг  хүртэл, заримдаа 11, 12 цаг  хүргэдэг байсан. Гэхдээ одоо эрт босч, эрт амрах гэдэг шаардлага өөртөө тавьчихсан байгаа.

-Нийт хичнээн төрлийн хувцас бүтээл урлав?

-Нарийн тоолж байгаагүй юм байна. Энэ удаад арав гаруй загварын мини коллекци гаргалаа.

-Монголын хувцас загварын ертөнц өргөн цар хүрээтэй болж, өөрийн брэнд гаргасан дизайнер олон болчихлоо. Тэгвэл та тэдэнтэй  чухам юугаараа өрсөлдөж,   шалгарч үлдэнэ гэж боддог вэ?

- Би үүнд баяртай байдаг. Саяхныг болтол хэзээ Монгол брэнд, Монгол дизайнер гэж ярьдаг байлаа, байсан ч маш цөөхөн. Үүнд манай “Урлах Эрдэм Дээд Сургууль”-ийн захирал Г.Тунгалаг багшийн хөдөлмөр их гэж боддог. Энэ салбар хөгжиж байгаад баяртай байна. Миний хувьд  хүмүүст хүргэх юмсан гэсэн өөрийн харах өнцөг байна. Тэр маань хүмүүст хүрэх эсэхийг тэд л шийднэ дээ. Надад бол хоорондоо өрсөлдөх нь сонин биш, хамгийн том өрсөлдөгч маань Хятад Улсыг гэж хардаг. Жишээ нь, миний хувьд яг одоо гэхэд ихэнх хувцас маань Хятад Улсад хийгдсэн байна. Дорж, Туяа Хятадын цамц авах уу, Монголын цамц авах уу гэдэг сонголтыг хийж байгаа учраас миний өрсөлдөгч бол яах аргагүй Хятад улс. Тэр том туршлагатай, дэлхийн хувцасны салбарыг бараг атгасан, техник технологи хөгжсөн, хямд ажиллах хүчинтэй Хятадтай бид нэгнийгээ үгүйсгэснээр өрсөлдөх боломжгүй.

-Таны хамгийн сайн зөвлөгч бас туслагч хэн бэ?

-Нэг эгч маань бий. Миний өмнөөс бүх зүйлийг маань зохицуулчихдаг даа \инээв\ Аливаа юманд ингэж тэгж болохгүй гээд л байнга зөвөлгөө өгдөг. 

-Цаашид хийхээр төлөвлөсөн хамгийн том ажил тань юу вэ?

- Дараагийнхаа коллекцидоо л орохоор төлөвлөж байна даа.

-Мөрөөдлийнхөө талаар, амьдралын гол зорилгынхоо тухай хуваалцвал?

- Нэгэнт л энэ мэргэжлийг сонгосноос хойш сурсан зүйлийнхээ хүрээнд өөрийн ажлаа хамгийн сайнаар хийхийг зорьдог. Манай улс гадны улс орнуудаас хэтэрхий хараат. Хил хаана гэх сургаар бизнесменүүд нь сандарцгаадаг. Уг нь хаавал хаана л биз гэж томордог баймаар байна шүү дээ. Тиймээс ахуйн хэрэглээгээ ядаж өөрсдөө хангадаг байхыг хүсдэг. Бидний өвөг дээдэс, Монгол эмэгтэй бүр өөрсдийнхөө өмсөх дээл хувцсаа урладаг байсан хүмүүс шүү дээ.

-Монголын зах зээлд зарагдаж байгаа ноос ноолууран бүтээгдэхүүн болон, Монгол дизайнеруудын бүтээсэн хувцас, эдлэл хэрэглэл үнэтэй. Тиймээс  иргэд  хямд Хятад хувцас руу зүтгэхээс өөр сонголт байдаггүй гэж ярьдаг шүү дээ?

- Дээр хэлсэнчлэн Хятад улс ажиллах хүч ихтэй, техник технологи нь хөгжчихсөн, материал түүхий эд  хангалттай. Гэхдээ ашиг их гаргахын тулд хамгийн муу материалаар, бага зардлаар  хямдхан хувцас олныг хийдэг гэж боддог. Гэтэл Монголд эсрэгээрээ. Ноос ноолууран бүтээгдэхүүн хийх, түүхий эдийг боловсруулах технологи зэргээс хамаараад гар ажиллагаа ихтэй, нөр их хөдөлмөрөөр бүтдэг. Бас олон зуугаар нь үйлдвэрлэх боломжгүйгээс шалтгаалж цөөн  бүтээгдэхүүнд өндөр өртөг шингэдэг. Энэ салбарынхан харин ч төрийн эмх замбараагүй бодлого, Хятадын чанаргүй хямд үнэ зэрэг олон асуудлыг сөрөөд л явдаг гэж боддог. Түүнээс биш тэр бизнесийг хийх мөнгийг худалч хүнд банкинд хийвэл хүү нь арай өндөр байж магад. Гэвч тэгээгүй. Хийж бүтээгээд л, ажлын байр гаргаад л явж байна.

-Ингэхэд та өөртөө ямар шаардлага, шалгуур тавьдаг вэ?

-“Номыг нь сурахгүй бол, номхоныг нь сур” гэдэг шиг ёс суртахуунтай байхыг хичээдэг. Гэтэл өнөөдөр ёс суртахуун гэхээсээ илүү боловсрол гэдэг зүйл хамгийн чухал болчихож. Би үүнээс эсрэг байр суурьтай байдаг. Миний хувьд ёс суртахуун,  амьдралаа аваад явчих ухаан хамгийн чухал.

-Дахиад суръя, нэмж өөрийгөө хөгжүүлье гэсэн бодол байна уу?

-Одоо больё оо. Сурна гэж явсаар байгаад юу ч хийж амжихгүй хөгшрөх нь байна. \инээв.сурв\ Практик дээр буюу алдаан дээрээсээ суралцах нь илүү үр дүнтэй байх аа.

-Залуу эмэгтэй хүмүүс ямар байх ёстой вэ. Ялангуяа үеийнхээ  залуу охидыг өөрийн нүдээр хараад ямар дүгнэлт хийдэг вэ?

- Ээж гэдэг талаас нь хэлчих үү.  Сүүлийн үед бидний эргэн тойронд хурц хурц асуудлууд их гарч байна. Шалтгааныг нь бодохоор биднийг хүн шиг хүн байлгадаг ухаан, хүмүүжил, соёлоосоо холдчихсон юм уу даа гэж боддог. Тэгэхээр хүнийг хүн болгодог Монголчуудын ухаан нь юу байв аа? Монгол хүмүүжлээрээ, соёлоороо өсгөөсэй гэж боддог. Өнөөдөр бидний үе байлаа гэхэд маргааш бидний хүүхдүүдийн үе учраас. Австралид гэхэд Хятад хүмүүс соёлоо маш сайн сургаж, чи Хятад хүн шүү, Хятад соёл чинь ийм сайхан юм шүү гэж өсгөдөг. Австралийн сургалтын хөтөлбөрт хүртэл Хятад хэл, соёлын хичээлээ оруулсан байдаг юм билээ.

-Таны хобби. Чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг вэ?

-Ном унших дуртай. Ялангуяа “Youtube”-ээс түүхийн сонсдог номнуудыг сонсох дуртай. Түүхээ хангалттай мэддэггүй юм байна гэсэн сэтгэгдэл төрдөг, чамлалттай байдаг гэх үү дээ.

-Таны сонсох дуртай хөгжим?

-Хөгжим их сонсоод байдаггүй ээ. Гэрээсээ хол байгаад тэр юм уу, дуучин Э.Анхбаярын “Арвайн тал” гээд дууг харин  өдөрт арав, хорь сонсдог байсан.  Үгийн утга нь их гоё, клип нь ч гэсэн гоё.

-Ямар төрлийн ном уншдаг вэ. Ширээний ном тань?

-Мэргэжлийн номууд байна. Сүүлд нийгэм, хүүхдийн сэтгэл зүй, уламжлалт эмчилгээний талаарх номууд унших гээд  авсан.

-Та ямар үед өөрийнхөөрөө чөлөөтэй байж чаддаг вэ?

-Хаана ч явсан өөрийнхөөрөө л байдаг.

-Өглөө босоод хамгийн түрүүнд юу хийдэг вэ?

Хамгийн түрүүнд өглөөний хоолоо заавал идээд заншчихсан. Тэгээд л ажилдаа ордог.

-Эх орноосоо хэсэг хол байсных, эх оронч сэтгэлгээний талаарх бодолд тань өөрчлөлт орсон уу?

-Анх Австралид очоод Австралийг судалж өгнө дөө гэж бодож байлаа, өмнө нь  Монголоо мэднэ л гэж боддог байсан. Гэтэл  Монголыг сонирхож асуусан хүмүүсийн асуултад хариулах гээд Монголоо судалсаар байгаад ирсэн дээ. \инээв\

-Гадаадад ажиллаж амьдрах боломж байсан л биз дээ. Яагаад Монгол руу тэмүүлэх болов оо?

-Миний хувьд гадаадад удаан хугацаагаар биш, түр амьдрах гоё. Тухайн орны соёл ахуй амьдралтай танилцах сонирхолтой. Ажлаас маань спонсор виз гаргаж өгье гэсэн. Гэхдээ яагаад гадны улсыг хөгжүүлнэ гэж, гэрээ хөгжүүлмээр байна шүү дээ. Бид байхгүй гээд л орилдог, нэгэнт бусад хүн хийж өгөхгүйгээс хойш өөрсөддөө л найдах хэрэгтэй. Нэг хүний хэлснээр Монгол Улс хүн экспортлох хэмжээний хүн амтай орон биш байх.

Уг нь бид маш тансаг хэрэглээтэй хүмүүс. Жишээлбэл, мах л гэхэд химийн бодис, антибиотикоор бордсон байдаг. Органик хүнсний дэлгүүрийн тэр үнэтэй тусгай мах нь өвсөөр тэжээсэн үхрийн мах, эсвэл өвсөөр тэжээсэн үхрээс гаргаж авсан шар тос гэсэн бичигтэй байх жишээний. Органик хүнсний дэлгүүр гэж байдаг юм бол бусад дэлгүүр нь муу хүнсний дэлгүүр гэсэн үг байх нь ээ гэсэн асуулт надад  төрдөг. Мянга өвсөөр тэжээсэн ч,  бэлчээрийн мал шиг 500 гаруй ургамлаас шим тэжээл авдаг шиг байж чадахгүй болов уу. Энэ байдлаа бид өөрсдөө үгүй хийх гээд байгаа харагддаг. Ер нь хараад байхад баян байлаа ч, хүүхдүүд нь маш их харшилтай, дархлаагүй болсон харагддаг.

-Та Монгол соёлд ихээхэн татагдаж байгаа залуусын нэг юм шиг санагдлаа...

-Тийм ээ. Нүүдэлчин ахуй, соёл гайхалтай. Бүр уншиж судалж, гүн гүнзгий мэдмээр санагддаг юм. Бидний өвөг дээдэс эд хөрөнгө, материаллаг зүйлд шунаж байсангүй, үр хүүхэддээ оюун санаа, эрдэм мэдлэгийг дээдэлж өвлүүлэн үлдээхийг эрхэмлэсээр иржээ гэж боддог.

-Өөрөө унгаган хотынх уу, Монгол ахуйдаа  хэр ойр өссөн бэ?

Тийм ээ, хотод өссөн. Одоо бол хөдөө амьдарвал амьдарна л гэж ярьдаг болсон. Сиднейд байхдаа нэг их  гоё бороо ороод, манан татсаны дараа гэрийн хаалгаар үзэсгэлэнтэй байгаль хараад л, бас өрхөөр од тоолоод л хэвтмээр санагддаг байлаа. \инээв\

Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа

П.Урнаа

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Цолмонтуяа
    Мундаг охин байна. Амжилт хүсье.
    2018 оны 02 сарын 12 | Хариулах
  • Zaya
    Mundag ohin shuu yostoi uuriin gesen uvurmuts yurtuntstei uhaantai ohin amjilt husey
    2018 оны 02 сарын 07 | Хариулах
  • Яасан хөөрхөн охин бэ
    2018 оны 02 сарын 01 | Хариулах
  • boljee
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • B
    Mundag yuma
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
Ерөнхий сайд АНУ-ыг зорилоо 9 цаг 41 минутын өмнө
Долоо хоногийн өрнийн зурхай Өчигдөр 09 цаг 00 минутад
Top