өдөр
шөнө
×

ОЛОН НИЙТИЙН САНХҮҮГИЙН СУУРЬ МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР 2016-2021

Тус хөтөлбөр 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Монголбанк, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагын удирдлагуудын хамтарсан тушаалаар батлагдсан.

https://www.mongolbank.mn/documents/regulation/2016-2020sanhuu.pdf

Сүүлийн жилүүдэд хүн амын дунд банкны харилцах данс, хадгаламж зээлийн үйлчилгээ зэрэг энгийн санхүүгийн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь эрс нэмэгдэж байгаа боловч иргэдийн дунд санхүүгийн мэдлэг, санхүүгийн бүтээгдэхүүний талаар ойлголт дутмаг байгаагаас өөрсдийн хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн сонгож, урт хугацааны санхүүгийн шийдвэр гаргахдаа хүндрэлтэй тулгарах асуудал байсаар байна.

Иймээс цаашид санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүртэж байгаа харилцагчдын эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх шаардлага бий болсон.

Хөтөлбөр хэрэгжсэнээр иргэдийн санхүүгийн сахилга батыг сайжруулах, санхүүгийн зөв шийдвэр гаргах чадварыг дээшлүүлэх, урт хугацаатай хуримтлал болон санхүүгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, санхүү, банкны системд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх, цаашлаад Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлт,хөгжлийг дэмжих боломжийг бүрдүүлэх сайн талтай.

Энэхүү хөтөлбөрийг,

  • Сургуулийн насанд санхүүгийн мэдлэг олгох;
  • Залуу үед санхүүгийн мэдлэг олгох;
  • Хөдөө, орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг олгох;
  • Цахим хуудас, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр санхүүгийн мэдлэг олгох  гэсэн тэргүүлэх дөрвөн чиглэлийн хүрээнд хэрэгжүүлж байна.

                            

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол банк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Насан туршийн боловсролын үндэсний төв, Бичил санхүүгийн хөгжлийн төв хамтран аймаг, дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвүүдээр дамжуулан дараах чиглэлээр иргэдэд санхүүгийн боловсрол эзэмшүүлэх ажил хийгдэж байна. Үүнд:

  • Санхүүгийн талаар суурь ойлголт;
  • Төсөв болон санхүүгийн төлөвлөлт;
  • Хадгаламж;
  • Зээл;
  • Хөрөнгө оруулалт;
  • Санхүүгийн эрсдлээс хамгаалах;
  • Даатгал, урт хугацааны даатгал;
  • Тэтгэврийн хуримтлал үүсгэх;
  • Нийгмийн даатгал болон татварын талаар ойлголт;
  • Санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын талаар ойлголт зэрэг болно.                                         

http://www.sankhuugiinbolovsrol.mn/Home

Иргэдийн санхүүгийн мэдлэг сайжрах нь эдийн засгийн бодит өсөлт болон ядуурлыг бууруулахад чухал нөлөөтэйгөөс гадна санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэх мэдлэг, ур чадвар нэмэгдсэнээр хувь хүн санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлэх боломж нэмэгдэх зэрэг ач холбогдолтой юм.

Л. Цолмонтуяа

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top