×

АТГ дахь томилгоонд Г.Баасан болон А.Гансүхийн төрсөн дүү тодров

Өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын удирдлагуудыг өөрчилж, АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарыг чөлөөлж, оронд нь Ерөнхийлөгчийн санал болгосон З.Дашдавааг АТГ-ын даргаар, Ж.Батсайханг АТГ-ын дэд даргаар томилсон.

Ингэснээр хуулийн байгууллагын АТГ-т Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн хүмүүсээ томилж, улмаар АТГ-т албан тушаалын томилгоогоо эхлүүлжээ. Хоёр дарга хоёулаа шинээр томилогдсон тул бүтцийн өөрчлөлт хийж болдог байна. Үүний дагуу З.Дашдаваа, Ж.Батсайхан нар бүтцийн өөрчлөлт хийж эхэлжээ. Ингэхдээ шинээр томилогдох дарга нараараа ихэвчлэн Ерөнхийлөгч Х.Баттулгын харъяаны хүмүүсийг томилох сураг байгаа аж. 

АТГ дотроо авлига, албан тушаалын хэргийг шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг гардан гүйцэтгэдэг Мөрдөн байцаах алба, тэгвэл томилгоог энэ албанд голчлон хийхээр болжээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогийг өөрөөр нь ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг өгүүлсэн байна. Харин түүний оронд ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Х.Буянтүмэн гэх хүнийг томилохоор болжээ. Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог нь АТГ-т ирэхээсээ өмнө ЦЕГ-т ажилладаг байсан бөгөөд одоо дахин ЦЕГ руу буцаж очих мэдээлэл байна.

Мөн АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Ц.Энхбаярыг чөлөөлж, түүний оронд н.Шинэбаатар гэх хүнийг томилохоор болжээ. н.Шинэбаатар нь гурван жилийн өмнө АТГ-т мөрдөн байцаагчаар ажиллаж байсан бөгөөд ийнхүү гурван жилийн дараа Мөрдөн байцаах албаны даргаар ирэхээр болсон байна. н.Шинэбаатар нь Ерөнхийлөгчийн Хүний эрхийн зөвлөх Г.Уянгатай нэг ангид сурдаг байжээ. 

Харин АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар өргөдлөө өгөөгүй байгаа ч түүний оронд ирэх хүн хэдийнээ тодорчээ. Х.Хашбаатарын оронд АТГ-т өмнө нь ажиллаж байсан А.Батхуяг гэх хүн томилогдох нь. А.Батхуяг нь ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга буюу Ерөнхийлөгч Х.Баттулгын баруун гар А.Гансүхийн төрсөн дүү юм байна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга Д.Дуламсүрэнг АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангаар солих мэдээлэл байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top