×

"Зөв тусгал" аяны хүрээнд "Бид хүүхдэд ээлтэй сэтгүүлч" зөвлөгөөн боллоо

Томчуудын хэнэггүй үйлдэл, санамсаргүй гаргасан зан авираас үүдэн хүүхдийн эрх чимээгүй зөрчигдсөөр байдаг. Хүүхдэд учирч болох аюулаас сэргийлэх, зөв аргаар өсгөж хүмүүжүүлэх, гэр бүлийн зан төлөв, боловсрол олгох чиглэлд бид төдийлөн анхаардаггүй.  Тэгвэл хүүхдэд чиглэсэн үйл ажиллагааг дэмжихээр эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэхэд дөхөм болох зорилгоор гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газар, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, НҮБ-ын Хүүхдийн сан, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ууд хамтарч "Хүүхдэд ээлтэй сэтгүүлч” зөвлөгөөн /2019.05.07/ зохион байгууллаа.

Зөвлөгөөнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүүхэдтэй холбоотой гэмт хэргийг хэрхэн мэдээллэх талаар ЦЕГ-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн хамт олон болон олон улсын байгууллага, сэтгэл зүйчид илтгэл тавьж, мэдээлэл хүргэсэн юм. Үүнд гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар, цагдаагийн гэм хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Алтанхуяг, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Р.Булгамаа, гэр бүл судлаач, доктор Б.Оюун-Эрдэнэ, сэтгэл зүйч Г.Наранбаатар тэргүүтэй төлөөллүүд оролцлоо.

-ЗӨВ ТУСГАЛ-

Зөвлөгөөний үеэр гэр бүл судлаач Б.Оюун-Эрдэнэ, Хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг цацахдаа эргээд ямар үр дагавар авчирахад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хүүхэд “амиа хорлолоо” гэсэн мэдээллийг  ямар ч шүүлтүүргүйгээр хүлээн авдаг. Тэд аливаа зүйлээс шантарч, залхах үедээ энэ мэдээллийг авч байвал яах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Тэгэхээр сэтгүүлчид бичиж байгаа мэдээ мэдээллээ шүүж, аль болох эерэг мэдээг бусдад хүргээсэй гэж хүсч буйгаа илэрхийлсэн юм.

Мөн сэтгүүлчдийн бичиж буй сөрөг мэдээлэл хүүхдийн сэтгэл зүйлд ихээхэн нөлөөлдөг. Хүмүүс бусдад хар бараан мэдээлэл түгээх бус эерэг мэдээллийг түгээж, магадгүй сэтгүүлчийн бичсэн нийтлэл хүмүүсийг бухимдуулахаас илүү бусад хүмүүсийн амьдралд өнгө нэмдэг байгаасай, хүүхдүүдээ зөв үлгэр дуурайлал болж, тэдэнд цаг гаргадаг байя. Та бүхэн бичиж байгаа зүйлсийнхээ хор уршгийг бодож эерэг мэдээлэл хүргэхийг уриалж байна гэж сэтгэл зүйч Г.Наранбаатар дурдсан юм.   

Сэтгүүлчид хүчирхийллийн гэмт хэрэг гарлаа гэхэд сенсацитай болгож мэдээлдэг. Сэтгүүлчдийн цацаж буй мэдээлэл эцсийн дүндээ хүүхдийн хүчирхийллийг бууруулах чиглэлээр тавигдаж байна уу, эсвэл зарим нэг гаж донтой этгээдэд сэдэл төрүүлэхүйц гарч байна уу гэдэгт анхаарах хэрэгтэй. Олон улсын жишээ нь дээр харахад зарим гаж донтой хүмүүс хэвлэл мэдээллээр гарсан хүүхдийн хүчирхийллийн мэдээг сонирхож үздэг түүнээсээ ташаал авч, тухайн үйлдлийг хэрэгжүүлэх гэж оролддог.

Хүүхдийн хүмүүжлийн анхдагч орчин бол гэр бүлийн орчин

Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар “Монгол Улсад 2018 оны байдлаар 849600 гэр бүл амьдарч байна. Үүний 67 хувь нь хот суурин газар, 33 хувь нь хөдөө орон нутагт суугаа. 72 мянга гаруй өрх толгойлсон эх, 19 мянга гаруй өрх толгойлсон эцэг байгаа. Өнөөдөр 0-18 насны 3000 гаруй бүтэн өнчин хүүхэд байх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй 11 мянга 435, хараа хяналтгүй 74 хүүхэд байна. Хүүхдийн эсрэг гэмт хэргийн тоо мэдээллийг хүргэхэд 2018 оны байдлаар гэмт хэрэг үйлдсэн гэх 946, ял шийтгүүлсэн 295 хүүхэд бий. Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон долоон хэргийг цагдаагийн байгууллага илрүүлсэн" гэлээ. 

Мөн Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсээс Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг сайжруулах чиглэлээр  "Зөв тусгал" нийтлэлийн уралдаан зарласан. Уралдаанд дараах сэдвийн хүрээний дагуу нийтлэл бичих юм.
- Хүүхдийн хүсэл, мөрөөдөл
- Хүүхдэдээ цаг гаргая
- Хүүхдийн хүмүүжил төлөвшил
- Хүүхдийг эерэг аргаар
хүмүүжүүлье
- Эцэг эхийн алдаа, тэдэнд өгөх зөвлөгөө

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top