×

У.Барсболдын нууц данс илрэв

Төрийн томоохон албан тушаалтнуудын гадаад дахь нууц данснууд олонд ил болсоор энэ удаа Монгол Улсын Засгийн газрын гишүүн байгаль орчны сайд асан, Худалдаа үйлдвэрийн яамны дэд сайд асан У.Барсболд нууц данстны тоог нэгээр нэмлээ.
Өнгөрсөн гуравдугаар сард АТГ-т шалгуулж эхлэсэн У.Барсболд 2006 оны 4 дүгээр сарын 28-нд Их Британий Виржинийн  аралд  Mongolian Natural Resources Investment Group /BVI/ company limited компанийг бүртгүүлэн, нууц дансаа нээсэн нь илэрсэн байна.
Өөрийн төрсөн нутаг Ховд аймгийн Дарви, Цэцэг сумдын нутаг дэвсгэрт орших Хөшөөтийн их уурхайг стратегийн орд газрын жагсаалтаас хасч, орон нутгийн жижигхэн уурхай хэмээн нөөцийг худал мэдээлсэн байдаг.
Хөшөөтийн орд анх Ховд аймгийн Дарви сумын харьяат Б.Батням гэх хүний нэр дээр байжээ.  Б.Батням “Хэнсул” ХХК-ийн нэр дээр хайгуулын 19, ашиглалтын 9 нийт 28 лицензийг 2004-2007 оны хооронд цуглуулан эзэмшсэн байна. Тухайн үедээ хайгуул явуулах эдийн засгийн чадамжгүй байсан Б.Батням У.Барсболдод ханджээ. Ийн Таван толгойг гурав хуваасны нэгтэй тэнцэх хэмжээний буюу  2,4 тэрбумын  нөөцтэй Хөшөөтийн орд У.Барсболдынх болов. 
1990-ээд оны сүүлчээр Хятадад “Мү Ма”-гийн хэмээх тодотголтой авилга хээл хахууль, төрийн асар их хөрөнгийг үрэгдүүлсэн томоохон хэрэг дэгдэж,  холбогдох эздүүдийн ихэнх нь цаазлагдсан билээ. Тэр хэргийн гол холбогдогч этгээд Лю Ай Данг азаар амь мултарч, нэг хэсэг чимээгүй байснаа  ийнхүү 2006 онд Хөшөөтийн ордын  эзэн гэх нэрээр  Ховдоос гарч ирсэн нь тухайн үедээ Хятадын төрийг хүртэл гайхшруулахад хүргэсэн.
У.Барсболд Байгаль орчны сайдаар ажиллаж байхдаа Богд хан уул, Туул, Тэрэлжийн эргэн тойрон дахь 4000 га газрыг зарж, их хэмжээний мөнгө завшсан гэгддэг. Түүнийг БОЯ-ны сайд асан хийх хугацаандаа тусгай хамгаалалттай бүсийн газруудыг хууль бусаар зарсан гэх үндэслэлээр шалгаж байсан ч өөр зүйл анги руу шилжсэн гэх нэрээр хэрэг өнгөрсөн. Ийнхүү У.Барсболдын хятадуудтай үгсэн хуйвалдаж, нээлгэсэн гэх нууц данс илэрсэн нь нэгэнт батлагдаад байна.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top