×

Талийгаач Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгтнүүдийг шүүж байна

Одоогоос 13 жилийн өмнө буюу 2006 онд Малайз улсад орчуулагчаар ажиллаж байсан Ш.Алтантуяа гэх Монгол улсын иргэний цогцос Малайз улсын Куала-Лумпур хотын ойгоос олдсон билээ. Тэгвэл өнөөдөр /2019.05.06/ Ш.Алтантуяагийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг үйлдсэн этгээдүүдэд холбогдох хэргийн шүүх хурал эхэлж байна.

Шүүх хуралд хохирогчийн талыг төлөөлөн талийгаачийн аав С.Шаарийбуу болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга нар оролцохоор тус улсад очжээ. Энэ хэрэг хүн амины ноцтой хэргээс гадна томоохон авлигын хэрэгт хамаарагддаг учраас ийн жил дамнан шийдэхгүй явсаар байгаа юм. 

Хэргийг эргэн сануулахад, Монгол улсын иргэн Ш.Алтантуяаг толгойн тус газарт нь гурван удаа буудан хөнөөж улмаар биед нь С4 загварын тэсрэх бөмбөг уяж дэлбэлсэн хэмээн шинжээч нар үзэж байв. Уг онц ноцтой хэргийг үйлдэхэд Малайз улсын цагдаа нар оролцсон нь гэрчүүдийн мэдүүлэг болон эхний хоёр жил үргэлжилсэн шүүх хурлаар тодорхой болсон хэмээн тус улсаас мэдээлж байсан. Талийгаачийг ажлаа тараад гэртээ ирэх үед нь хэрэгтнүүд гэрийнх нь гадна хүлээж байсан ба түүнээс хойш долоо хоногийн дараа түүнийг алагдсан байхыг нь ойгоос олсон тухай баримтат нэвтрүүлэгт дурьддаг байна.

Уг хэрэгт Малайзын улстөрч Абдул Разак Багиндагийн авлгын хэрэгтэй холбоотой гэж үзсэн юм. Үүний дагуу шүүх хурал хоёр жил гаруй үргэлжилсний эцэст 2008 оны аравдугаар сарын 26-нд Абдул Разак Багиндад холбогдох хэргийн шүүх хурал Куала Лумпур хотод болсон. Улмаар түүнийг энэ хэрэгт буруугүй хэмээн суллах шийдвэрийг гаргаж байжээ. Абдул Багиндаг цагаатгаж, тус улсын цагдаагийн алба хаагч Азилах Хадри, Сирул Азхар хоёрыг шүүж эхэлсэн бөгөөд 2015 онд Холбооны дээд шүүхээс Азилах болон Сирулыг тус хэрэгт буруутай хэмээн цаазын ял оноосон байдаг. Тухайн үед талийгаач Ш.Алтантуяа ерөнхий сайдын орчуулагчаар ажиллаж байсан. Энэ хугацаанд Малайзын Батлан хамгаалах яамны шугамаар Францаас шумбагч хөлөг онгоц худалдан авах гэрээ байгуулахад орчуулагчаар оролцож, нууц мэдээлэлд ойр байсан учраас түүнийг хөнөөх шаардлага гарсан хэмээн тус улсын хэвлэлийн хуудаснаа бичигдэж байсан аж. Уг хэргийн шүүх хурал маш олон удаа болж байсан бөгөөд давж заалдах шатны шүүх хурлын дараа гэмт этгээдүүдийг батлан даалтаар сулласан юм. Үүний дараа Сирул Азхар нь Австрали руу оргон зайлж, сураггүй болсон билээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top