×

800 гаруй жилийн түүхтэй Парисын дарь эхийн сүмд гал гарлаа

800 гаруй жилийн түүхтэй Парисын дарь эхийн сүмд томоохон хэмжээний гал гарлаа. 

Орон нутгийн цагаар өчигдөр 18:50 цагт гал гарсан байна. Сүмд сэргээн засах үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд сүмээс хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлж, нэг гал сөнөөгч гал унтраах явцдаа гэмтжээ.

Парисын дарь эхийн сүмийн гол орой болон дээвэр шатаж, гал сөнөөгчид дотор нь хадгалагдаж байсан түүхийн дурсгалт эд зүйл, урлагийн бүтээлүүдийг хамгаалахаар ажилласан байна.

Түүхийн ховор нандин бүтээл болох Есүс Христийн титмийг галаас хамгаалж чаджээ. XII-XIV зуунд Парисын төвд барьж байгуулсан готик хэв маягийн энэ сүмийг жил бүр сая сая жуулчин ирж үздэг байна.

МАКРОН СҮМИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАНА ГЭДГЭЭ АМЛАЛАА

Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Парисын дарь эхийн сүмийг сэргээн засварлах болно гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр сэргээн засварлах үйл явцад зориулж хөрөнгө босгох олон улсын кампанит ажил эхлүүлэхээ амласан байна.

"Дарь эхийн сүм бол бидний түүх, бидний уран зохиол, бидний сэтгэл зүрхний нэг хэсэг, бидний гайхалтай түүхийн газар, бидний амьдрал байсан юм. Сүм шатсаар байна. Маш олон хүн харамсаж байгааг мэдэж байна.

Гэхдээ би өнөөдөр бас итгэл найдварын талаар яримаар байна. Бид 800 жилийн өмнө энэ сүмийг барьсан ч түүнээс хойш үргэлж сэргээн засварлаж, сайжруулж, өргөжүүлж ирсэн. Тиймээс өнөөдөр би сүмийг хамтдаа сэргээн босгох болно гэдгийг итгэл төгс хэлж байна" хэмээн Францын Ерөнхийлөгч хэлжээ. 

Тэрбээр сүмийн хоёр цамхаг болон фасад хэсгийг нь хамгаалж чадсан гал сөнөөгчдийг амь биеэ үл хайрлан байж ажиллаж буйд талархлаа илэрхийлжээ. Тэрбээр галын нөхцөл байдалтай танилцаад "аймшигтай гамшиг боллоо" хэмээж, үүнээс дор зүйл болох магадлалтай байсан тухай хэлсэн байна.

ФРАНЦЫН ТЭРБУМТАН 100 САЯ ЕВРОГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

Kering групп компанийн тэргүүн, Францын тэрбумтан Франсуа-Анри Пино  Парисын дарь эхийн сүмийг сэргээн засварлахад 100 сая еврогийн дэмжлэг үзүүлэхээ амлалаа.

Kering  компани Gucci болон Yves Saint Laurent брэндүүдийг эзэмшдэг байна.

Эх сурвалж: BBC

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top