өдөр
шөнө
×

Бушуу туулай борвиндоо баастай

Цагтаа сэтгүүл зүйн салбарт үнэнчээр зүтгэж, чадварлаг гэдгээ ч харуулж явсан УИХ-ын М.Оюунчимэг нэг л өдөр улс төрийн завинд сууж, хөлгүй далайд аялахаар шийдэв ээ. Ард түмнийхээ итгэлийг дааж чадна, ёстой л бид нар бүгдийг бүтээнэ, бид нар бүгдийг сөнөөнө гэж өдөр шөнөгүй "бурсаар" байгаад 76-гийн нэг болж чадсан өчнөөн гишүүд бий. Тэдний нэг л дээ. Мань хүн ойрд балаг, бартаа ихтэй. Ялангуяа олон нийтийн сүлжээнд байнгын онигоонд ороостой. Зах зухаас нь дурдъя л даа. Мань гишүүн Хөвсгөл аймгийн харьяат гэнэ. Аав нь тээврийн жолооч байж. Гэтэл манай аав дарга байсан гэж “залсан”-ыг нь мөр зэрэгцэн ажиллаж явсан нэгэн дэлгэсэн. Удаах нь алдарт LV-гийн хэрэг.

МАНАН-гийн эсрэг тэмцэнэ, мафижсан бүлэглэлийг үгүй болгоно гэж намаржин, өвөлжин цээжээ дэлдэж, М.Энхболдыг харааж зүхэгсэдийн нэг нь тэр. Энэ мэт “поопорч”, цаагуураа У.Хүрэлсүхэд тал засч байгаад Боловсролын сайд болох битүү хүслээ илэрхийлсэн нь энэ гэж байгаа. Ингээд Сүхбаатарын талбайд М.Энхболдыг огцруулахаар жагссан толгой “поопчдын” нэг нь тэр байлаа. Тэгэхдээ 4 саяын үнэтэй LV ороолт зүүж ирж. Түүнийг нь олон нийтийн сүлжээнд шүүмжилмэгц л мань М.Оюунчимэг твиттер хуудастаа “Дулаахан байна гээд энгэр задгай гарчихсан чинь найз маань ороолтоо зүүгээд өгчихсөн юм аа. Үнэ ханшийг нь асуугаагүй, өөрөө ч өмсөж зүүхдээ анхаарч ач холбогдол өгдөггүй л дээ ккк. Цаашид хянамгай байя аа” гэж жиргэж байгаа юм. Манай сошиалчид юу байхав, тэрүүхэн дор нь тэрхүү ороолттойгоо алхаж яваа зургийг нь олоод ирэлгүй яав гэж. Ийн аюулын худал, айхтар “поопчин” болохоо өөрийн үйлдлээр нотолчихсон мань хүн саявтархан ээлжит паянгаа дэлгэв.

Цагаан сараар тойргийн гишүүддээ боов, шоов өгч “тэнэгэрдэг” гишүүд энэ жил “Оргил”-ын Ж.Ганбаатарын уулзалтан дээр олны хөлд дарагдаж нэгэн буурай өөд болсноос улбаатай ихээхэн зэмлэл хүртэж байгаа. Энэ уур амьсгалыг мэдэрмэгцээ манай “бушуу туулай” мөн л цэцэрхсэн жиргээ хийгээд мад тавиулж байгаа юм. “АН, МАН бүх нам яг адилхан...Бүгд тараасаар ирсэн. Үүнийг хуульчилж болиулах ёстой. Үүний төлөө ажилсаар” гэжээ. Ажилласаар гэдэг үгээ ч зөв биччихгүй байгаа юм л даа. Тэр нь яая гэхэд мань хүн өөрөө боов боорцгийг дэргэдээ уул овоо шиг өрчихөөд тарааж буй зураг нь гараад ирж байгаа юм.

Яана даа, М.Оюунчимэг минь. Тэнэг хүн дуугай байхдаа сүртэй гэж ардын сайхан зүйр үгийг санаж явахад гэмгүй мэт. Яасан ч яаруу түргэн жиргэж суудаг юм, яасан ч худалч, хуурмаг юм. Яасан ч их завтай юм. Зүй нь жолооч аавтай байж болно. Гэм нүгэл биш. Дөрвөн саяын үнэтэй LV ороолттой ч байж болно. Болохгүй юм биш. Гэм биш. Харин худлаа ярьж болохгүй! Хамгаас ёс бус зүйл бол энэ. Мөн боов шоов тарааж, сонгогчдын санал худалдаж авах нь ёс зүйгүй үйлдэл мөн. Үүнээс илүү нь өөрөө тарааж яваагүй мэт ариун, гэгээн, ажил хэрэгч төрийн түшээ аятай аяглах нь ичгэвтэр юм.

Ер нь бол бушуу туулай борвиндоо баастай, худалд түшээ төрд халтай!  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top