×

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан боллоо

  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр шөнийн 02.12 цагт эхэллээ. Чуулганаар Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөснийг М.Энхболд дарга танилцууллаа.

  Хуулийн төсөлд “УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг албан ёсоор гаргаж, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг чуулганаар баталсан тохиолдолд чөлөөлнө” гэсэн заалт тусгасан байна. Мөн УИХ-ын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоолыг нэн яаралтай дэгээр хэлэлцэхээр тусгасан гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав.

  Энэхүү хуулийн төслийг баталснаар хууль тогтоох дээд байгууллагын дархлаа сулрах магадлалтай гэдгийг С.Эрдэнэ гишүүн шүүмжлэв. Тэрбээр, “Сонгуулийн дараа олонх болсон намын дарга өөрийн хүнээ УИХ-ын даргаар томилохын тулд хүссэн үедээ тогтоолын төсөл санаачлах эрхтэй болно. Ингэснээр УИХ тогтвортой үйл ажиллагаа явуулахад сөрөг нөлөө үзүүлнэ” гэв.

  Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 94.7 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

  Мөн энэ үеэр О.Баасанхүү, Б.Энх-Амгалан гишүүн ХХААХҮ-ийн сайдын томилгоо болон УИХ-ын  нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын байгууллагын саналыг хэлэлцэх асуудлын саналыг гаргасан юм.

  Тэдгээр дөрвөн гишүүд нь Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нар бөгөөд  гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын байгууллагын саналыг хэлэлцээд, хүлээн авах шаардлагагүй хэмээн үзжээ.

  Энэ талаар тус байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, "Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн мэдээллийг сонслоо. Хуулийн байгууллагууд ЖДҮХС-тай холбоотой хэргийг шалгаж дуусаагүй байна. Шалгалтаар гишүүд гэмт хэрэг үйлдсэнийг эцэслэн тогтоовол бүрэн эрхийн асуудлыг УИХ-д дахин өргөн барих боломжтой. Тиймээс прокурорын байгууллагын саналыг хүлээн авах шаардлагагүй хэмээн үзсэн. Мөн УИХ-ын гишүүд хууль, хяналтын байгууллагууд дуудсан цагт очиж мэдүүлгээ өгөх тул мөрдөн байцаалтын ажилд саад учруулахгүй" гэлээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top