×

Утааны улбаа улам л ихэссээр байна

     Сүүлийн үед томуу, томуу төст өвчин гамшгийн хэмжээнд хүртлээ газар аваад байгаа билээ.    Эрүүл мэндийн яамнаас хамгийн сүүлд өгсөн мэдээллээр: Нийслэлийн хэмжээнд энэ сарын 07-ны байдлаар, амбулаторийн 57,508 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 4136 тохиолдол оношлогдсон. Мөн улирлын томуу үүсгэгч А хүрээний H1N1, H3N2 вирус буюу хүмүүсийн хэлж заншиснаар “Гахайн ханиад” дэгдсэн байна.

     Үүнээс гадна уушгины хатгалгаагаар өвчлөх нь нэмэгдэж, хатгаанаас болж нас барах тохиолдол ихэсч байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Уушгины хатгалгаа нь H1N1 вирус хүндэрснээс болж үүсдэг байна.

      Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгчдийн 87,6 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд, үүнээс 69,4 хувийг нялх нярай буюу 4 хүртэлх насны хүүхдүүд эзлээд байгаа юм. Одоогийн байдлаар ганцхан дүүргийн яаралтай тусламжийн тасагт л гэхэд багадаа л 450 хүн үйлчлүүлж байна. Зөвхөн нийслэлийн эмнэлгүүдэд хоёр мянга гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж.

      Мэдээж энэ их ханиад, томууны өвчлөлд агаарийн бохирдол хамгийн их нөлөөлж байгаа билээ. Гурван жилийн хугацаанд судалгаагаар агаарын бохирдол ханиад томуутай 60 гаруй хувийн хамааралтайг нотлоод байгаа юм. Үүний тод жишээ нь гэр хорооллын хүүхдийн өвчлөл, орон сууцанд амьдарч байгаа хүүхдийнхээс гурав дахин их, уушгины хатгаагаар өвчлөх тохиолдол орон сууцанд амьдардаг хүүхдийнхээс зургаа дахин их байгаа ажээ.

      Цахим орчинд энэ байдлыг: Баячууд болон төрийн түшээдийн ихэнх нь  ийм үед гадны дулаахан оронд очиж амраад, зун нь ирдэг. Харин энд үлдсэн хэд нь хотын утаагүй бүсэд амьдарч байна... гэсэн шүүмжлэл байгаа юм. Тодорхой арга хэмжээ авч, ядаж л утааны маскийг үнэгүй тарааж, гэр хорооллын тогийг тэглэх хэрэгтэй зэргээр санаа дэвшүүлэн иргэд бухимдаж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top