×

Жудаггүй аниа нарыг хамгаалсан заалт Төрийн албаны шинэ хуульд олон байна

Нэгэн яамны Төрийн нарийн бичгийн дарга төгссөн сургууль нь тодорхой бус, төрд ажилласан хугацаа нь урт биш атлаа хоёр Засгийн газарт хоёуланд нь ажиллахаар шүүхдэлцэж байсан жишээ бий. Одоо ч тэр ажлаа хийж байна. Яг ийм жишээ төрийн албанд олон байдаг. Нэг сайд орж ирэхээр хов зөөж, хор хутгаж давхисаар ажлаасаа халагддаг. Хууль бусаар халчихлаа гэж шүүхдэж явсаар эргээд ороод ирнэ. Энэ хугацаанд ажилгүй байсан тэтгэмжээ авчихна.

Ажилгүй байсан хугацааны цалингаа бас авна. Хийдэг ажил нь хор хутгаж, хов зөөх. Олон жил төрд ажиллачихсан учраас аргацаагаад сурчихсан, даргыг хэрхэн аргалахаа мэддэг аниа нар төрийн албаар дүүрэн байгааг нуугаад яахав. Өглөө ажилдаа ирж хуруугаа хийчихээд, өдөржин хийж бүтээсэн зүйлгүй өрөө хэсэж хов хутгаад, орой нь хуруугаа уншуулчихаад л талийж оддог төрийн албаны нийтлэг дүр төрхийг олон нийт шүүмжилдэг ч тэд “Бид бол тийм биш. Төрд ажиллана гэж тангараг өргөсөн. Хүмүүс өөрсдөө л биднийг буруутгадаг” хэмээн биеэ өмөөрөх нь олонтай. 

Гэвч ийм аниа нар байдаггүй гэж хэн ч хэлдэггүй учраас яам болгонд, агентлаг бүрт даргаасаа эхлээд доод шат хүртлээ аниа нар ажиллаж байна. Орж ирсэн шинэ залуучуудаа гадуурхана, хов зөөнө, худлаа үнэн ярина. Ийм аниа нарын бүхэл бүтэн эрин үе төрийн дээд, доод, дунд шатанд ажиллаж байх юм. Бүр сайд нь хүртэл үгээ хэлж, үстэй толгойгоо маажих нь энүүхэнд.

Төрийн албаны аниа нар “Дараагийн сайд солигдоосой, баг бүрдүүлэх нэрээр халчихаар нь шүүхдээд ороод ирнэ. Тэтгэмжээ ч авчихна” гэж яриад суудаг гэсэн яриа ч байдаг. Энэ бол худлаа гэж үгүйсгэх зүйл огт биш л дээ. Төрийн албаны энэхүү хүнд суртлын талаар олон жил ярьсны эцэст өнгөрөгч онд УИХ шинэ хууль батлав. Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүний өргөн барьж батлуулсан Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхлээд найм хонож байна.

Шинэ хууль эргэж үйлчлэхгүй бөгөөд  төрийн албаны шалгуур хангахгүй Төрийн нарийн бичгийн дарга нар өршөөлөөр үлдэв. Мөн төрд шургасан чадваргүй, мэдлэггүй, ах дүү танил талын шахаас нар азаар 2020 он хүртэл тэсэж үлдэх нь ээ. Гэхдээ хуулийн төсөлд тусгаснаар 13 яамны Төрийн нарийн бичгийн дарга нар 2020 оны гуравдугаар сард ажлаа хүлээлгэж өгөх аж. Ингэснээр шинэ хуулийн хүрээнд 16 жил ажилласан, үүнээс наймд нь дэс түшмэл буюу газар, хэлтсийн даргаар ажилласан албан тушаалтан яамны гал тогоог хариуцах эрхтэй болно гэсэн үг.

Хамгийн инээдтэй нь шинэ хуульд тухайн хүний мэдлэг чадвар хангалттай гэж үзвэл ажилласан жилийг 50 хувиар багасгаж болно гэж тусгажээ. Өөрөөр хэлбэл, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах сонирхолтой нэг этгээд 16 жил төрийн албанд ажиллаагүй байлаа гэж бодъё. Тэгвэл төрийн байгууллагад ажиллаж байсан нэр хүнд, хамт олных нь үнэлгээ, төрийн албаны шалгалт, сургалтад хамрагдсан байдал зэргийг нь харгалзан үзээд жилийг нь багасгах гэнэ.

Энэ нь нөгөөх л улс төрийн шахаагаар хүмүүс шургалдаг, төрийн албаны үнэ цэнэ, тэр тусмаа яамны гал тогоо, тэнд ажиллаж байгаа хүмүүсийг удирдах ёстой албан тушаалын үнэ цэнийг бууруулсан үйлдэл болж байна. Хуульд олон талын дэвшил байгаа. Төрийн албаны мерит зарчим буюу ажилласан жилээрээ албан тушаал өгсөх, албан тушаал бүрт тохирсон шалгалт өгөх, төрийн албанд орохын тулд долоон шалгалт давна гэх мэтээр хүлээж байсан олон заалт шинэчлэгджээ.

Ёсзүйн зөрчил болон авлига, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдсон бол төрийн албанд гурван жил цаашлаад насан туршдаа эргэж орж ирэхгүй юм билээ. Гэвч нөгөөх л хүнд суртал, төрийн албанд он удаан жил ажиллачихсан, нэг үгээр хэлбэл, ажлаасаа бараг л залхчихсан аниа, ажлаа мэдэхгүй атлаа төрийн албан хаагч гэдгээрээ түрий барьсан ойворгон залуусыг хамгаалсан заалт энэ хуульд олон байх юм. Зөрчил гаргасан төрийн албан хаагчийг ажлаас халах, чөлөөлөхөөс өмнө сануулах аж. Дараа нь сахилгын шийтгэл ногдуулж, цаашлаад цалингийн хувиар торгох гэнэ. Ингэсний дараа дахиад алдаа гаргавал ажлаас халах хуультай.

Гэвч 18 сарын хугацаанд /нэг удаа сануулга өгсөн бол зургаан сарын хугацаанд дахиад өөр арга хэмжээ авахгүй/ гурван удаа зөрчил гаргадаг хүн төрийн албанд цөөхөн. Дараагийн зөрчилд нь арга хэмжээ авч чадаагүй байхад сайд дарга нь солигдчихдог. Ингээд л ёсзүйн зөрчил гаргасан нэг нөхөр сайдыгаа үдэж өгчихөөд өөрөө үлдэж хоцорно. Төрийн албанд өөрийн багийг бүрдүүлнэ гэдэг бол байх ёстой зүйл. Нэг үгээр хэлбэл, улс төрийн томилгоогоор ирж байгаа сайд багаа авчрахгүй бол төрийн ажил явдаггүй жишээ олон бий. Сайдыгаа матдаг, төрийн албан хаагчдаа дарамталдаг, ажлын байрандаа ёс бус үйлдэл гаргасан жишээ олон байна.

Тийм албан хаагчаа халаад явуулахаар ном журмынх нь дагуу халаагүй гээд эргээд шүүхдээд ороод ирдэг. Ажилгүй байсан гээд тэтгэмж авна. Шинэ хуульд бүр халсан албан тушаалтан тэтгэмжийг нь өгнө гэж хуульчилжээ. Арай дэндүү давраасан, аниа нарыг хамгаалсан заалт гэж шүүмжлэхээс өөр арга алга. Өөрөөр хэлбэл, ажлын байрандаа архи уудаг, эсвэл сайд даргынхаа “бөгс” ухаж, хэвлэл мэдээллээр муулж суудаг албан тушаалтнаа халж болохгүй, харин ч “хайрлаж”, муулуулж, доромжлуулж байсан ч тэвчээд суух ёстой болж байна. Төрийн албанд ажиллах нэрээр цаг нөхцөөдөг, хов хутгаж, хор найруулдаг ажилтнаа бүтэн жилийн хугацаанд сануулж, сахилга тооцож, эцэст нь цалингийн хувиар торгуулах хугацааг хүлээж суух юм байх. Төрийн албаны тогтвортой байдал, эх адаггүй халаа сэлгээг зогсоох чамбай хууль боллоо хэмээн магтмаар байвч жудаггүй албан хаагчдыг хэтэрхий өмөөрсөн энэ мэт заалтуудыг эргэж харахад гэмгүй санагдсаныг нуух юун. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top