×

Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого ХОЁР  хөршийнхөө эсрэг чиглээгүй

Манай улс ШХАБ-д гишүүнээр элсэх үү гэдэг асуудалтай зэрэгцэн яригдах сэдэв бол мэдээж Гуравдагч хөршийн бодлого.  Философийн шинжлэх ухааны доктор(Sc.D) Д.Дашпүрэв хэлэхдээ “Улс төрийн хийгээд гадаад бодлогын баримт бичгүүдэд гуравдагч хөрш гэдэг ойлголтыг хэрэглээд удлаа. Хүйтэн дайн дууссаны дараа манай улсад америкийн төрийн нарийн бичгийн дарга айлчлахдаа “танайх хоёр хөрштэй юм байна. Бид гурав дахь хөрш чинь болъё” гэсэн үг унагасан тал бий. Түүний энэ үгтэй холбоотойгоор гуравдагч хөрш гэдэг ойлголт гарч ирсэн. Монгол Улсын төрийн бодлогын хувьд XX зууны эхэн үеэс гуравдагч хөрштэй байх сан гэсэн эрмэлзэл, хүсэл мөрөөдөлтэй байсан. Жишээлбэл, Богд хаан болон Монголын уламжлалт төрийн зүтгэлтнүүд Японтой, Америктай, Европын улс гүрнүүдтэй холбоо тогтоох гээд үзсэн. Энэ бол Монгол орон гадаадын том гүрнүүдтэй хөршийн хэмжээний найрсаг харилцаатай байх гэсэн эрмэлзлийн илрэл байсан юм. Манай орны хувьд гуравдагч хөршийн тухай ойлголт тун чухал, ач холбогдолтой ойлголт гэдгийг хэн ч маргах аргагүй юм. Манайх 90-ээд оноос хойш гуравдагч хөршийн тухай бодлогыг хэрэгжүүлээд дэлхийн том гүрнүүд ялангуяа барууны орнуудтай сайн харилцаатай байна. Энэ харилцаагаа цаашид ч хадгалж байх хүсэл эрмэлзэл манай төр Засгийн болоод гадаад бодлогод бий гэж судлаач хүний хувьд харж байна даа” гэсэн байдаг.

Тэгвэл Хоризон Интеллиженс(Хозинт)-д Дэлхийн аюулгүй байдлын шинжээчээр ажиллаж байсан Лхаажавын Болор гуравдагч хөршийн бодлогын талаар анхаарал татсан зүйлийг бичсэн байдаг. Тэрбээр  “Монгол Улсын “гуравдагч хөрш’-ийн бодлого нь Улаанбаатарт дэлхийн бусад оронтой хоёр талт болон олон талт харилцааг хөгжүүлэх боломж олгодог. Улс төр, эдийн засаг, цэргийн хувьд хүчирхэг Орос, Хятад хоёр гүрний дунд оршдог далайд гарцгүй орныхоо хувьд Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого нь эдгээр хөршийнхөө эсрэг чиглээгүй юм. Харин үүний оронд, Монгол Улс стратегийн түвшингийн олон улсын харилцааны хүрээнд  аядуу хүчний бодлого баримталж, боловсрол,шинжлэх ухаан, технологи, уул уурхай, эрчим хүчний дэд бүтэц зэрэг чухал салбаруудаа хөгжүүлэхийг эрмэлзэж байна.

2015 он Монгол Улсын хувьд Зүүн Ази, Персийн булангаар зогсохгүй Америкийн орнуудтай дипломат харилцаагаа мэдэгдэхүйцээр хөгжүүлсэн жил байв. Монгол Улсын Гадаад хэргийн яам Унгар, Иран, Бразил, АНУ, Япон зэрэг оронтой хоёт талт яриа хэлэлцээ, хэлэлцээр хийх замаар гуравдагч хөршийн бодлогоо өргөжүүлсэн юм.

Газар зүйн хувьд, Япон бол Монголын анхны “Гуравдагч хөрш” юм. Бүс нутагт Хятадын нөлөө нэмэгдсэнээр Японтой түншлэл болон эдийн засгийн харилцаа холбооны түвшингээ нэмэгдүүлэх шаардлагатай тулгарснаар Монгол, Японы харилцаа шинэ шатанд гарах үүд хаалга нээгдсэн юм. 2015 оны 10-р сард, Монгол Улсын Ерөнхий сайд Ч. Сайханбилэг болон Японы Ерөнхий сайд Шинзо Абе төмөр зам зэрэг Таван Толгой дахь уур уурхай, дэд бүтцийн салбарт томоохон хэмжээний хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү мега төслүүд нь Монгол, Японы хоорондох эдийн засгийн хэлхээ холбоог нэмэгдүүлээд зогсохгүй ажил олголт болон дотоодын ажилчдыг дэмжихэд шууд нөлөө үзүүлэх юм.

 Түүнчлэн, Зүүн Хойд Азид Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах төлөвлөгөө яригдаж буй нь АНУ-Япон-Монголын гурван талт харилцаа саадгүй хөгжих үндэс болж буй гэдгийг шинжээч онцолсон байгаа юм.

Монгол Улсын гадаад, дотоод бодлогын хамгийн чухал зорилт нь Алс дорнод дахь эрчим хүчний томоохон эх үүсвэр болох явдал. Эдгээр хэлэлцээр нь Монгол улс бүс нутагт нөлөөгөө тэлэх үйл явцад чухал нөлөө үзүүлээд зогсохгүй гуравдагч хөршийн бодлогын стратегийн ач холбогдлыг нэмэгдүүлж байна. Далайд гарцгүй Монгол Улсын гадаад бодлого Персийн булан дахь газрын тос, эрчим хүч зэрэг олон салбарт тэлж байна. Монгол Улс Оросоос нийт газрын тосныхоо 90 хувийг нийлүүлдэг нь Оросыг Зүүн Хойд Азийн хамгийн том эрчим хүчний зах зээл болгож байна. Монгол Улсын засгийн газраас олгосон олон тооны хайгуулын лицензийн үр дүнд Монголын нутаг дэвсгэрт их хэмжээний түүхий газрын тос байгааг олж илрүүлсэн. Парламентаас гаргасан хуулийн хүрээнд эдгээр баялагаа ашиглахад Монголын гуравдагч хөршийн бодлого өөрийн үүргээ гүйцэтгэх болно. Үүний хажуугаар гуравдагч хөршийн бодлогын хүрээнд транзит тээврийн асуудлыг багтааж буй бөгөөд ингэснээрээ бараа бүтээгдэхүүнийг гуравдагч хөрш рүү экспортолж, тэднээс импортлох боломжтой болж Монголын эрчим хүчний төлөв байдал өөрчлөгдөх юм. 2015 оны 12 сард жишээ нь Монгол, Иран улсууд Монгол Улс Ираны газрын тосыг Хятадын компаниудаар дамжуулан импортолж болох гэрээнд гарын үсэг зурсан.

Түүнчлэн, Монгол улс Орос, Хятадтай газар зүйн давуу тал бүхий эдийн засаг, транзитын харилцаагаа өргөжүүлсээр байна. 2011 онд Монгол, Орос, Хятадын зам тээврийн яамд өндөр түвшний хоёр талт транзитын хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэхүү транзит хэлэлцээрт гарын үсэг зурснаар Монгол Улс Хятад, Хойд Солонгосын усан онгоцны боомтыг ашиглан гуравдагч оронд бараа нийлүүлэх боломжтой болсон юм. Хэдийгээр ихээхэн лобби, өндөр түвшний уулзалт хийх хэрэгтэй ч Хятадын санаачилсан “Бүс ба Зам” эдийн засгийн санаачилга нь эдгээр орнууд Зүүн Хойд Азид бодлогоо бэхжүүлэх заавал мөрдөгдөх хэлэлцээр байгуулсан нөхцөлд Монгол, Орос, Япон дахь геополитикийн нөлөөг нэмэгдүүлэх юм. Гуравдагч хөршийн бодлогын нэгэн томоохон давуу тал нь Монгол улсад энэ төрлийн хэлэлцээр байгуулахад зуучлагчаар оролцох боломж олгож буй явдал юм. Монгол Улсын шинээр хэрэгжүүлж буй гуравдагч хөршийн бодлого нь тус улсын гадаад бодлогын түүхэн дэхь хамгийн шинэчлэлт санаачлагуудын нэг юм. Дэлхийн улс төрийн нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж буй нөхцөлд, Монгол Улсын улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил, уламжлалт бус үндэсний аюулгүй байдал, алсыг харсан гадаад бодлогын стратеги зэрэг нь ардчилсан өөрчлөлт шинэчлэлийг үргэлжлүүлэх, Ази Номхон далайн бүсэд шинээр хөгжиж буй орнуудтай зэрэгцэн алхахад чухал нөлөөтэй юм. Тулгарч буй бэрхшээл их ч, хөгжингүй болон хөгжиж буй орнуудаас олж авсан сургамжаасаа үүдэн Монголын удирдагчид, шийдвэр гаргагчид алдах эрхгүй гэдгийг тодотгон өгүүлж байгаа юм.

Э.Болор

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийт 21,368 иргэн азтан боллоо 6 цаг 5 минутын өмнө
Top