×

Уяачдын холбоог тэргүүлдэг УИХ-ын дарга М.Энхболд та хариуцлага хүлээх үү?

Дүнжингарав морин уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчил дутагдалд яаралтай дүгнэлт хийж, хууль болон Засгийн газрын тогтоол зөрчсөн бол холбогдох хүмүүст хариуцлага тооцох үүргийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайд Ө.Энхтүвшинд өгөөд байна. Уг уралдаан Засгийн газрын тогтоолоор бус Уяачдын холбооны шийдвэрээр зохион байгуулагдсан гэдгийг нэр бүхий нөхдүүд хэлж байгаа. Тэгэхээр УИХ-ын дарга М.Энхболдын удирддаг Уяачдын холбоо хариуцлага хүлээх ёстой болж байна. Гэхдээ Уяачдын холбоо гэдэг нэртэй ТББ-д хариуцлага тооцохоос гадна тус байгууллагыг удирддаг Хууль тогтоох дээд байгууллагын дарга М.Энхболд гэж хүнтэй ч хариуцлага ярих нь зүйн хэрэг юм. Хуулийг батладаг бүтцийг удирдаж байгаа хүн хүүхдийн эрхийг уландаа гишгэсэн эл бусармаг үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой.

Дүнжингарав уралдаан гуравдугаар сарын 18-ны  орой 21:00 цаг хүртэл үргэлжилсэн байгаа юм. 21:00 цагт гадаа харанхуй болохыг хэн ч мэднэ. Хажуудах хүнийхээ зүс царайг ч ялгаж танихааргүй харанхуйд хүүхдүүд хол замд хурдан морь унаж уралдсаны балгаар 16 хүүхэд мориноос унажээ. 3 хүүхэд нь хүнд хэлбэрийн гэмтэлтэй байсан. Хоёр хүүхэд нь үзэгдэх орчин хязгаарлагдмалаас болоод уралдааны үеэр машин мөргөж унаад ухаан алдсан байгаа. Ухаан алдсан хоёр хүүхдийн нэгийг ГССҮТ-д хүргэж эмчилгээ хийсэн гэдгийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлээд буй. Энэ бол үнэхээр харамсалтай мэдээ шүү дээ. хурдан морь унаж их хурдтай давхиж явсан хүүхдүүд машин мөргөж ухаан алдаж унахад ямар хэмжээний бэртэл гэмтэл аваа бол, хожим нь ямар уршиг илрэх бол гэдгийг хэн ч одоо урьдчилж хэлэхэд хэцүү.

Тас харанхуйд хүүхдүүдийг хурдан морь унуулж, уралдуулж, бүр машинтай уралдуулж, улмаар машин мөргөж ухаан алдаж унахад нь тултал харгислана  гэдэг үнэхээр байж боломгүй явдал.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар хэвлэлд ярихдаа “ Бид 12 хүртэлх насны хүүхдээр морь унуулахгүй байх, хүүхдүүдэд стандартын хувцас хэрэглэлийг бүрэн өмсгөх ажлыг зохион байгуулахаар очсон. Хүүхдийг хэдэн настайг тодорхойлдог цорын ганц бичиг баримт болох төрсний гэрчилгээг үндэслэн бүртгэл явуулсан. Бид 12 настай 85, 13 настай 62, 14 настай 49, 15 настай 20 гэх мэтчилэн яваад 18-аас дээш насны гурван хүн нийтдээ 307 морь унаж уралдах хүүхдийг бүртгэсэн. Гэвч бодит байдал дээр уяачид 12 нас хүрсэн хүүхдийн төрсний гэрчилгээ авчирч бүртгүүлчихээд, 12-оос доош насны хүүхдүүдээр хурдан морь унууллаа” хэмээн ярьжээ.

Тэгэхээр Уяачдын холбооны увайгүй уяачид хүүхдүүдийг хүний тооноос хассан ийм л үйлдлийг хийцгээжээ. Одоо тэгээд тэдэнтэй хэрхэн яаж хариуцлага тооцох вэ гэдэг асуудал байна. Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудсандаа мэдээлснээс үзэхэд Ерөнхий сайд хариуцлагын асуудалд анхаарч буй бололтой. Гол нь бодит үр дүн л дээ. Хэлэхийг бол хэн ч чадна.

Уяачдын холбоог тэргүүлдэг УИХ-ын дарга энэхүү бусармаг үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой. Үүрэгт ажлаасаа буухад ч багадах юм.

Б.Болор

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top