×

Туркийн эрх баригчид олон тэрбум еврог үр ашиггүй зарцуулснаа хүлээн зөвшөөрсөнгүй

Дэлхийн улс орнуудад авлигатай холбоотой ямар мэдээллүүд байгааг хүргэе.

Туркийн эрх баригчид олон тэрбум еврог үр ашиггүй зарцуулснаа хүлээн зөвшөөрсөнгүй

Европын аудитын шүүхээс гаргасан тайлангаас үзэхэд  Турк Улсын эрхзүйн орчинг сайжруулах, авлигыг устгахад зориулан Европийн холбооноос олгосон олон тэрбум евро үр ашиггүй зарцуулагджээ. Турк Улсыг Европын холбоонд элсүүлэх шаардлагыг хангуулахын тулд зориулж буй энэ их хэмжээний мөнгө хангалттай сайн үр дүнд хүрээгүй тухай тус тайланд дурдаад байна.  

Шүүх засаглалын бие даасан, хараат бус байдлыг сайжруулах, дээд түвшний авлига, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, хэвлэлийн эрх чөлөөг нэмэгдүүлэх зэрэг үндсэн асуудлуудад дээрх мөнгийг хангалттай зарцуулж чадаагүй гэжээ.Тус улсын эрх баригчдын зүгээс шинэчлэл хийх улс төрийн хүсэл зориг муу байсан нь ийм таагүй нөхцөл байдалд хүрэхэд нөлөөлсөн гэсэн  дүгнэлт гарсан байна. Тэрчлэн   2018 оноос эхлэн Европын холбооноос Турк улсад зарцуулагдаж буй мөнгөнд илүү чанга хяналттай ажиллах ёстой гэж үзжээ. Тэгвэл Туркийн эрх баригчид эл дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улс төрийн хүсэл зоригтой ажиллаж ирсэн байтал Европын холбооны гишүүн болох гэж буй тус улсад үзүүлж буй санхүүжилтээ багасгах нь зохимжгүй шийдвэр гэж үзэж буйгаа мэдэгджээ.

Компаниудаас авлига авсан этгээдийн гэм буруу нь тогтоогджээ

“Страйтс таймс” сонин Сингапурын хотын тосгоны зөвлөлийн ерөнхий менежер бөгөөд нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, 25 үйлдэлтэй авлигын хэрэгт холбогдон хүнийг шийтгэсэн талаар мэдээлэл нийтлэжээ. Вонг Чэ Мэнг гэгч ньт компаниудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хариуд нь 107,000 ам.доллартай тэнцэх хэмжээний хахууль авсан гэх хэрэгт холбогджээ. Түүнийг хоол унданд оруулах, зугаацуулах, автомашин, утас худалдан авч өгөх, бэрийг нь ажилд оруулах зэргээр хахуулийн мөнгийг зарцуулсан гэгдэж байна. Хахууль өгсөн гэх компаниудын захирлууд болох Чиа Син Лан, Ип Фонг Ин нар хамтран түүнд автомашин худалдан авахад нь 13,500 ам.долларын хөнгөлөлт үзүүлжээ. Тосгоны гэрээ, хэлэлцээрийн асуудлыг зүй бусаар шийдвэрлэж буй талаар Вонгтой холбоотой гомдол ирсний дагуу түүнийг 2016 оны 9 дүгээр сард ажлаас нь халж, үргэлжлүүлэн 2016 оны 12 дугаар сард Авлигын гэмт хэргийг шалгах товчооноос шалгаж эхэлснээр ийн гэм буруу нь тогтоогдож байгаа аж.

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчлагдав

Хятадад авлигын хэрэгт ял шийтгэл эдлэхээс зайлсхийн зугтсан Чэн Суюунг гэгч эмэгтэйг баривчлан авчирч,  Жөжян мужийн шүүхээс  7 жилийн хорих ял оногдуулжээ. Чэн Суюунг нь Вэнчэнг тосгон дахь Хятадын Хөдөө аж ахуйн банкинд 2005-2006 онд ажиллаж байхдаа 2,4 сая юань (380,000 ам.доллар)-ийг валютын арилжаанаас завшжээ. Тэр нөхрийнхөө хамт 2006 оны 4 дүгээр сард Вьетнам улс руу зугтаж, улмаар Тайланд, Мянмар улсад амьдарч байжээ. 2016 оны 10 дугаар сард Чэнийг Интерполын “улаан” мэдэгдлийн жагсаалтад оруулсан байна. Түүний нөхөр 2015 оны 7 дугаар сард өөрийгөө илчилжээ. Харин Чэн баривчлагдах хүртлээ гадаад руу оргон зайлсан байна. Чэнд хорих ялаас гадна 500,000 юаний торгууль оногдуулж, олсон ашгийг нь хураан авах шийдвэрийг шүүх гаргажээ.Түүний шүүх хурал 3 дугаар сарын эхээр эхэлж, өнгөрсөн пүрэв гарагт шүүхийн шийдвэр нь гарсан байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top