×

Эдийн засгийн талаар хэн юу хэлэв?

Энэ оны эхний улирал дуусах дөхөж байна. 2018 оны эдийн засаг бүрэн зургаараа ямар байх вэ гэдэг асуудлаар эдийн засагчид өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа юм. Хямралтай нөхцөл байдлаас тодорхой хэмжээнд гарсан гэгдэж буй энэ үед ч ямар сорилт хийгээд боломж биднийг хүлээж байгаа вэ гэдэг асуудал анхаарал татна. Тиймээс эдийн засагчдын байр суурийг хүргэе.

Монголбанкны  Судалгаа, статистикийн газрын захирал  Д.Ган-Очир: 2018 онд эдийн засгийн өсөлт үргэлжилнэ

Эдийн засаг 2016 оны хүндрэлээс 2017 оны туршид сэргэсээр шинэ оны босготой золголоо. Хэдийгээр эдийн засаг уналтаас дайжиж, тогтворжиж эхлээд байгаа боловч тогтворжилтыг баталгаажуулах, цаашдын тогтвортой өсөлтөд оруулахад цэгцтэй бодлого шаардлагатай хэвээр байна. Цаашдын төлөв байдлаас харахад 2018 онд эдийн засгийн өсөлт үргэлжилж, инфляцийн дарамт бага зэрэг нэмэгдэхээр байна. Гэхдээ эдийн засагт гадаад секторын болон бодлогын олон сорилтыг хэрхэн шийдвэрлэхтэй холбоотой тодорхой бус байдал байсаар л байна. Эдгээр сорилтыг хэрхэн амжилттай, шуурхай шийдвэрлэхээс эдийн засгийн хөгжлийн цаашдын чиг хандлага шууд хамаарна. Бодлогын үр дүн нь шийдвэр гарах ёстой цаг үед (жишээлбэл, үүлэн чөлөөний нарыг ашиглан)-ээ, хамрах ёстой хүрээгээ зөв хамарсан эсэхээс шууд хамаардаг. Иймд шаардлагатай шийдвэр (жишээлбэл, гадаад өрийн дарамтыг шийдвэрлэх, өрхийн өр, зээлийн дарамтыг багасгах, байгалийн баялагтаа тулгуурлан эдийн засгаа төрөлжүүлэх)- ийг судалгаа, шинжилгээнд үндэслэн зоримог гарган хэрэгжүүлснээр улс орны хөгжлийг түргэсгэнэ гэдэгт итгэлтэй байна.

ҮСХ-ны дарга А.Ариунзаяа: Нийгмийн үзүүлэлтүүд муу гарсан

Статистикийн байгууллага бол бодлогыг гаргадаг, ярьдаг байгууллага биш, бодлогыг дүгнэдэг байгууллага юм. Манай байгууллага нь 93 жилийн түүхтэй, энэ түүхэндээ Монгол улсын нийгэм, эдийн засгийн түүхийг тоогоор илэрхийлэн авч үлдсэн. Хөгжлийн бүх үеийг тоогоор харуулдаг. 2017 оны чухал тоон мэдээллийг та бүхэнд танилцуулахаар богино хэмжээний илтгэл бэлтгэн авчирлаа. Өнгөрсөн жилийн эдийн засгийн үзүүлэлтүүд маш сайжирсан. Ургац хураалт 40 хувь алдсан боловч үүнээс бусад гол үзүүлэлтүүд эерэг гарсан. Харин нийгмийн үзүүлэлтүүд муу гарсан. Өнөөдрийн эдийн засгийн хямрал нийгэмд маргааш нь мэдрэгддэг. Харин өнөөдрийн эдийн засгийн дэвшил нь маргааш нийгэм дэх хувь хүний амьдралд мэдрэгдэнэ. Тиймээс бид улам хичээж ажиллаваас нийгмийн үзүүлэлтүүд маань сайжрах учиртай.

Төрийн банкны  Гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн: Баялгийг зөв хуваарилж стратегийн томоохон ач холбогдолтой үйлдвэрүүд байгуулах хэрэгтэй

Баялгаа зөв хуваарилж, олсон орлогоо зөв зохистой зарцуулах хэрэгтэй. Стратегийн өндөр ач холбогдолтой том төслүүдэд эх үүсвэрийн асуудал байна. Сүүлийн 1-2 жилийн хугацаанд манай улсын санхүүгийн рейтинг буурсан тал бий. Гэхдээ сайн тал нь энэ жилдээ рейтинг өсч эхэлж байгаа ба үүнтэй холбоотойгоор манай эх үүсвэрийн зардлууд буурч байна. Баялгийг зөв хуваарилж стратегийн томоохон ач холбогдолтой үйлдвэрүүд байгуулж, орлогыг нэмэгдүүлж байж үүгээр дамжуулан ядуурлыг бууруулах боломжтой. Тиймээс баялгаас орж ирж буй орлогыг зөв зохистой зарцуулж, мөн эх үүсвэрийн зардлыг бууруулах шаардлагатай байна. Төрийн байгууллага, арилжааны банкууд, санхүүгийн байгууллагууд нэгэн зорилготойгоор хамтран ажиллаж чадвал бүх ачааг даван туулж чадна.

Сангийн яамны  Эдийн засгийн бодлогын газрын дарга Г.Батхүрэл: Зэсийн биет хэмжээний агууламж  буурч, алтных   нэмэгдэхээр байна

Сангийн яамны хувьд 2018 оны эдийн засгийн тооцоо прогноз гаргасан нь Монголбанкны тооцоололтой ерөнхийдөө адилхан, бага зэргийн зөрүүтэй байна. Экспортын удаашрал үүссэн учраас 2017 онд гарсан шиг экспортыг дагасан худалдаа, үйлчилгээ, тээврийн салбарын өсөлтийг төсөөлөхөд эрсдэлтэй гэж үзэж байна. Зэсийн үйлдвэрлэлийн хувьд, Эрдэнэт үйлдвэр олон жилийн дунджийнхаа дагуу үйлдвэрлэлээ явуулсан. Харин Оюутолгой компанийн зэсийн агууламж 22 хувиар, алтны агууламж 2.8 дахин буурсан. Үүнээс харахад 2018 онд зэсийн биет хэмжээний агууламж 10 гаруй хувиар буурч, алтны агууламж нэмэгдэхээр байна.

Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх Н.Энхбаяр: Байгалийн нөөцийн орлогоор оновчтой хөрөнгө оруулалт хийх гэдэг бас бидний том алдаа

Байгалийн баялгийг эдийн засгийн өсөлтөд ашиглах нь гэдэг зүйл нь хамгийн чухал зүйл бөгөөд бидний алдаад байгаа зүйл. Байгалийн нөөцийн орлогоор оновчтой хөрөнгө оруулалт хийх гэдэг бас бидний том алдаа. Бидэнд мөнгө байсан боловч оновчтой зарцуулж чадаагүй. Цаашдаа бид том төслүүдээ хэрэгжүүлэх тал дээр анхаарах нэг асуудал байна. Манай салбар яамдууд төсөл хэрэгжүүлэхээр танилцуулахдаа 4-5 жилд хэрэгжүүлнэ гэдэг. Гэвч хамгийн ойрын амжилттай явж байгаа нэг жишээ болох Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал бол төсөл нь бэлэн, хөрөнгө оруулагчид нь бэлэн байсан боловч 10 жил хэрэгжиж байна. Тиймээс шинээр хэрэгжүүлэх төслүүдийн тооцооллоо бодит байдалтай нийцүүлж байгаасай гэж хүсч байна. Мөнгөний, төсвийн бодлого бүх зүйлийг шийдэж чадахгүй учир эдийн засгийн сууриа зөв бэхжүүлэхэд бүтцийн өөрчлөлтийн бодлого чухал үүрэгтэй юм.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top