×

5 жил шалгагдаж буй Ш.Батхүүг АТГ баривчиллаа

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг, “УБТЗ”-ыг барьцаанд тавьж, зээл авсан “Жаст”-ын Ш.Батхүү гэж хүний асуудал сүүлийн жилүүдэд  анхаарал татсан сэдэв байж өнөөдрийг хүрэв. Тэгвэл өчигдөр түүнийг АТГ-аас баривчилж, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Ш.Батхүүд холбогдох хэргийг АТГ 5 жилийн турш шалгаж байгаа нь анхаарал татаж буй. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа ч дууслаа гэх мэдээллүүд дагаж яригдсан. За харин АТГ-аас энэ мэдээллийн хариу тайлбар хийсэн.

Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс “Жаст групп” ХХК-ийн “Стандарт” банкнаас авсан зээлд “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасан асуудлыг шалгаж байна.  Шалгалтын явцад хэргийн цар хүрээ нэмэгдэж байгаа тул Ажлын хэсэг томилогдож нарийвчилсан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. “Жаст групп”-ийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү нарын нэр бүхий хүмүүст холбогдуулан шалгаж байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах болоогүй бөгөөд гэм буруутай этгээдүүд ял завших боломжгүй. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг прокурорын хяналтан дор явуулж байна” гэсэн юм.

Тэгэхээр АТГ Ш.Батхүү нарыг ял завших боломжгүй гэж хэлсэндээ хүрэхээр эхний ээлжинд түүнийг хорьж байгаа бололтой.

Ш.Батхүүгийн зээл авахдаа бүрдүүлсэн баримт бичигт гарын үсгээ зураагүй, хуурамч гарын үсэг гэдгийг нь шинжээчид тогтоосон гэх мэдээллийг Ч.Ганзориг өгөөд буй. Д.Сугарын тухайд ч ийм зүйл ярьж байгаа. Нөхдүүд ийн өөрсдийгөө цэвэр авч үлдэх гэж байгаа тохиолдолд Ш.Батхүү хариуцлагыг хүлээгээд гарах уу гэдэг асуудал яригдана.

Мэдээж тэр шүүхээс тодорхой ял зэм сонсож таарах байх. Гэхдээ улс төлөх ёстой болчихоод байгаа 100 гаруй сая ам .долларын өрийг хэн барагдуулах вэ гэдэг нь гол сэдэв байх ёстой. Улс орныг өч төчнөөн мөнгөөр  хохироочихоод, бодит хохирлыг нь барагдуулахгүй, хагас хугас шийтгэгдсэн болоод өнгөрдөг ийм жишиг байж боломгүй. Үүнийг таслан зогсоохын тулд луйврын ажиллагаанд оролцсон бүх хүмүүсийг эрх мэдлээс нь үл хамаарч хариуцлага хүлээлгэх ёстой юм.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга  Г.Баясгалан хэлэхдээ  “Энэ хэрэг нь өөрөө Ш.Батхүүд холбогдох хэрэг гээд АТГ-т шалгагдаж байгаа. Ш.Батхүүд холбогдох хэрэг шүүхээс эцэслэгдэж байж гарын үсэг хуурамч эсэхийг тогтооно. Харамсалтай нь, энэ хэрэг АТГ-т шалгагдаад, шүүхэд шийдэгдэхгүй маш их удлаа. Ш.Батхүүд холбогдох хэрэг шийдэгдэхгүй байсан нь тодорхой хэмжээгээр Арбитрын шийдвэр Монголд ашиггүй гарахад нөлөөлсөн гэж бодож байна Ш.Батхүүд холбогдох эрүүгийн хэрэг Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа. Одоогоор шүүхэд шилжээгүй. Хэрэв шүүхэд шилжвэл, шүүхийн тогтоол гаргах юм бол шийтгэлийн хариуцлага, хэргийн улмаас хохирсон хохирлыг төлүүлэх асуудал шүүхийн шийдвэрээр баталгаажина. Одоо бол хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгаж байгаа учраас эцсийн шийдвэр гараагүй байна. Бидний мэдэж байгаагаар маш удаан шалгагдаж байгаа. Ш.Батхүүд холбогдох хэрэг эцэслэгдвэл маш олон зүйл тодорхой болно” гэсэн юм.

За ямартай ч Ш.Батхүүг цагдан хорилоо. Хуулийн байгууллага уг хэргийг хэрхэн шийдвэрлэх вэ, улстөрийн нөлөөллөөс ангид шийдвэр гарах уу гэдэг нь хүлээлт үүсгэсэн сэдэв болж байна.

Б.Болор

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top