×

Зохицуулалт нэхсэн ЦАХИМ МӨНГӨ

Манай өмнөд хөрш БНХАУ-д криптовалютын төрлийн гүйлгээг хориглоод байгаа. Тэрчлэн  БНСУ ч мөн ийм арга хэмжээ авах нь гэгдэж байсан бол тус улсын Сангийн сайд өнгөрсөн долоо хоногт криптовалютыг хориглох төлөвлөгөөгүй байгаа талаараа мэдэгдсэн байна. БНСУ-ын Хууль зүйн сайд татвараас зугтах болон бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд бүх төрлийн криптовалютыг хориглож магадгүй гэх мэдэгдлийг сарын өмнө хийгээд байсан юм. Тэгвэл Сангийн сайд мэдэгдэхдээ криптовалютыг шууд хориглохын оронд энэхүү шинэ төрлийн санхүүгийн харилцааны хэрэгслийг хэрхэн оновчтой зохицуулах тухай асуудал яригдаж байгаа гэсэн байна.

Ер нь бол криптовалют хэд хэдэн эрсдэлтэй гэдэг нь батлагдаад буй. Криптовалютын цахим бирж "Nicehash" вэб хуудас хакердуулж, хэрэглэгчдийнхээ 60 сая ам.долларыг  алдсан нь тод баримт юм.  “The Crypto Currency Investing” цахим хуудаст мэдээлснээр хакерууд  60 сая ам.долларыг нэг биткойн хэрэглэгчийн данс руу шилжүүлсэн байдаг. "Nicehash” веб хуудсыг хакердсан байж болзошгүй сэжигтнүүд эрх мэдэл бүхий хүмүүстэй холбоотой байх магадлалтай гэсэн мэдээлэл бий.

Манай улсын тухайд криптовалют буюу цахим мөнгийг худалдаж авч, ханшийн өсөлтөөр ашиг олох тухай ярьж, хэлж байсан хүмүүс сүүлийн үед эрсдэлийн тухай бас ярих болсон. Тухайлбал, Ч.Ганхуяг хамаг байдаг мөнгөөрөө биткойн авч болохгүй, алдах хэмжээнд л хөрөнгө оруул гэж хэлээд байгаа.

Ер нь криптовалютууд ямар дүрмээр зохицуулагдах вэ гэдэг нь хараахан тодорхойгүй байгаа нь эрсдэл гэдгийг хэлэх хэрэгтэй. Эдийн засагч Б.Түмэнцэнгэл хэлэхдээ “Одоогоор олон улсад ч Биткойныг зохицуулах нэгдсэн зохицуулалт боловсронгуй болоогүй. Цөөн хэдэн төв банк зохицуулалт гаргасан ч гол зорилго нь зах зээлд оролцогчдод тэгш байдлыг бий болгох, мөнгө угаах-терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зорилготой холбоотой. Ер нь зохицуулагч нарт одоохондоо ажиглах байр суурь давамгайлж байна уу гэж харагдаж байгаа. Тэгэхээр, цаашид нэг эсвэл хэд хэдэн оронд криптовалютыг хязгаарлах ч юм уу хууль, журам гараад эхэлбэл мэдээж Биткойны үнэд нөлөөлнө гэдгийг санах хэрэгтэй. 

Хоёрт, Биткойны үнэ өөрөө их савлагаатай, эмзэг зүйл. Жишээ нь 1-2 мэдэгдэл л өндөр хэлбэлзэл үүсгэж байна. Цаашид үнэд нөлөөлөх үйл явдлуудыг урьдчилж таах боломжгүй. Блокчейн технологийн потенциалийг мэдэхийн тул төв банкууд өөрсдөө маш анхааралтай ажиглаж, судалгаа хийж буй. Роланд Бергер гээд зөвлөх компанийн мэдээлснээр бол 2016 оны эцэст 90 орчим төв банк криптовалютын талаар судалгаа явуулж, зарим нь өөрийн криптовалют гаргах талаар ч судалж буйг онцолсон байсан. Тэгэхээр, жишээ нь төв банкууд зохицуулалт хийхээс гадна, өөрсдөө илүү найдвартай криптовалют гүйлгээнд гаргаад эхэлбэл Биткойн мэт бусад криптовалютын үнэ яах вэ гэдэг том асуудал юм. Гуравт, криптовалют шинэлэг зүйл болохоор аливаа халдлага, цахим аюулгүй байдлын асуудлууд ч яригдах байх” гэж байгаа юм.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Heterhii tuuhii medeelel baina. Ene shinechleliig huleej avch chadahgui bol bankuud hohino bolno doo.
    2018 оны 03 сарын 12 | Хариулах
  • Батчулуун
    Асуудлыг хэзээнээс зөвхөн нэг талыг дөвийлгөж бичихээ болих вэ? Дэмжиж байгаа улс орнуудын талаар юу ч алга. Бас Хятадад гадаад эксчэнжи сайтуудыг л хаасан болохоос маш эрчимтэй арилжаа хийгдэж өөрсдийн гэсэн коин хийсээр байна. Солонгосын ерөнхий сайд сангийн сайдын өмнөөс уучлал гуйсан. Эрсдэл их гэдэг бол үнэн. 3 сарын 7нд ганц халим 3500 биткоин зархад яаж унж байгаагаар харж болно. Эрсдэлгүй ашиг хаана ч байхгүй сайн судалж мэдээд мөнгө хийж чадвал боломж бидэнд байна. Битгий хэт харлуул, битгий хэт хөөрөг үнэн л мэдээлэл өгчих хүмүүст сонголт үлдээ. Сэтгүүлчид зориулав
    2018 оны 03 сарын 12 | Хариулах
Top